Нийгмийн байдал, хүмүүсийн амьдралын хэв маяг, нисгэгч хүний үүрэг хариуцлага эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах эмэгтэй нисгэгчийн эр зориг авхаалжтай байдал тусна. Залуусын өөр хоорондын ажил албаны санамсаргүй харилцаа хайр сэтгэлийн ээдрээрүү хөтлөх ба хүнлэг чанарыг өгүүлэх

Малчин ард Пагва гурван хүүтэй, хоёр хүү нь хорон муу санаатай, эд агуурсанд шунаг, хар амиа бодогчид бол отгон хүү нь цайлган цагаан сэтгэлтэй, шударга үнэнч, бусдад тусархаг, цовоо сэргэлэн хүү байв. Аав нь мэдсэн сурсан зүйлээ бусдад хэлэлгүй явсаар хоёр хүүгийнхээ уршигт осолдон гамшигт байдалд орно. Энэ гамшгийг арилгахаар отгон хүү Сүмбэ бусдад тусалсаар мэргэн хүнтэй учирч арга зам заалган гамшигт учирсан нутаг орон, эцэг, ах нараа аварч байгаагаар сайн санаа шударга үнэн үйлс нь хорон муу санааг ялж чадна гэсэн санааг өгүүлнэ.

Монголын уламжлалт эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн онцлог шинж чанар, зан төрх, ахуй амьдралын онцлогийг залуу бөхийн үйл явдлаар дамжуулан харуулна. Далайцэрэн хүү багадаа өнчрөн элдэв зовлон үзэж, хар бор ажилтай ноцолдсоор бяр тэнхээтэй сайхан эр болон өсөж байгааг нутгийн өвгөн мэдэрч түүнийг даншиг наадам үзэж, болж өгвөл бөхийн аманд гарах тухай зөвлөснөөр холын аянд гарна. Тэрээр ингэж явахдаа нэрд гарсан сайн бөх Молиго хэмээх Очир, их хүрээний наймаачин Равсал, түүний зарц Ядам өвгөн. охин Удвал нартай учрана. Очир заан Далайцэрэнг сайн бөх болно гэж шинжээд түүнийг төрсөн дүүгийн нэгэн адил халамжилж, бөхийн эрдэм зааж, овооны наадмуудад барилдуулсаар бяр чадал ихтэй, барилдааны ур чадвар сайтай бөх болгоно. Ингээд даншиг наадамд барилдан Богд хаан, эх дагина хоёрын нэрийн өмнөөс барилдсан ах дүү хоёр аваргыг унагасан нь наадамчин олны талархлыг хүлээж, харин ихэс дээдсийн таалалд нийцсэнгүй.Үүнээс болж түүний нандин хайр сэтгэлд аюул занал учирч, түүнийхээ төлөө тэмцэж буй тухай өгүүлнэ.

Морин дэл дээр өссөн нэгдлийн адуучин залуу Дондог залуу насныхаа гэнэн томоогүй дэврүүн сэтгэлдээ хөтлөгдөн машинтай уралдаж морио багтрааж үхүүлснээс удирдлагаас зэмлэл авч үхэрчин болно. Энэ үеэр нэгдэлд ирсэн жолооч бүсгүй Янжмаа, хувийн ашиг хайж худалдаа наймаа хийж явдаг Гончиг, адуучин Дондог нарийн хоорондын харьцааг тухайн цаг үетэй нийцүүлэн хөнгөн инээдмийн аясаар өрнүүлэн үзүүлнэ.

Говийн ганц худаг дээр моторчноор ажиллаж байгаа Ганаагийн ажил амьдралаар дамжуулан хөдөө нутагт соёл нэвтэрч, хүн ардын оюун санаанд шинэ нийгмийн үзэл бодол шингэж буйг тод томруунаар тусган харуулна.

Дунд сургуулиа төгсөж байгаа охид хөвгүүд хүүхэд насны гэнэн томоогүй зангаар өөрсдийн үерхэл, нөхөрлөлөө үргэлжийн мөнхөд сайхан байх юм шиг төсөөлөн бодож амьдралын их давалгаанд хөл тавина. Үнэнч хайрыг догдлон хүлээж байсан охин "Хоёулаа хүү ч байсан, охин ч гарсан хүүхдээ Золбоо гэж нэрлэнэ шүү" гэж хэлэх тэрхэн мөчид найз хөвгүүний болчимгүй хэлсэн ганцхан үг нэгэн насных нь амьдралд ээдрээт нугачаа үүсгэж, түүнийг хэрхэн туулж байгаа тухай өгүүлжээ.

Үлгэрийн сэдэвтэй энэхүү кино нь "Шунал ихэдвэл шулам болно" хэмээх ардын зүйр үгнээс ишлэл авч баян, ядуу хоёр хүний сэтгэл санааны ертөнцийн тухай өгүүлжээ.

Атар газар эзэмших аянд гарсан залуучуудын амьдралд тохиолдож байгаа бэрхшээл, түүнийг даван туулж буй үйл явдлыг хэтрүүлэгт инээдмийн аясаар өгүүлсэн бүтээл.Гол дүр Хөхөөгийн хоосон мөрөөдөгч сэтгэл, бардам зан төрх нь түүнийг инээдэмт үйл явдалд хөтлөн оруулж байгаагаар киноны зохиомж тодрон гардаг.

1939 оны Халх голд болсон "зарлаагүй дайн"-ы гай гамшиг жирийн малчин ардын зүрхэнд хэрхэн нөлөөлснийг байлдаан тулаангүйгээр үзүүлсэн бүтээл. Залуу байлдагч Чулуунхүү түүний дурлалт бүсгүй Дэнсмаа нарын хайр сэтгэлийн цэнгэл, уй гашуунд дарагдан суугаа эцэг эх хоёрын гунигт амьдралыг харьцаагаар киноны өгүүлэмж өрнөнө. 1975 оны Москвагийн олон улсын кино наадмын тусгай шагнал хүртсэн бүтээл.

1921 оны Ардын хувьсгалын эхэн үед хилийн ойролцоох нэгэн голын эрэгт амьдарч буй малчин өвгөн Болд, орос завьчин Михайл нарын нөхөрлөлийн тухай өгүүлнэ. Хувьсгалын үйл хэрэгт оролцсон хоёр өвгөн, дайсны мөрдлөгт өртөн амь үрэгдэх боловч тэдний үр хүүхэд хойч үе нь эцэг өвгөдийнхөө ариун нөхөрлөлийг үргэлжлүүлж байгааг харуулжээ. 2000 онд "Өнөөдөр" сониноос нэрлэсэн ХХ зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр шшалгарсан.

1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт жирийн малчин ард хэрхэн оролцож байсныг их жанжин Сүхбаатарт хүргэх нууц бичгийг авч явсан Дарьбазар дайсны гарт өртөн, амь үрэгдэхийн өмнө өөрийн зорьсон үйл хэргийг үргэлжлүүлэхийг гэргийдээ даатган дамжуулснаар Ариунаа зориг зүтгэл, авхаалж самбаа гарган, дайсны элдэв мөрдлөгөөс амь гарч, их жанжин Сүхбаатартай нүүр тулан учирч буй тухай өгүүлжээ. Энэ кино нь 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадамд оролцож, Ариунаад тоглосон жүжигчин Пүрэвиин Цэвэлсүрэн нь эмэгтэй хүний шилдэг дүр бүтээсний төлөө мөнгөн медаль хүртжээ.

Энэхүү кино нь уул уурхайн үйлдвэрийн бүтээн байгуулалт, залуу удирдах ажилтны арга барилын тухай инженер Гансүх, түүний найз бүсгүй Сүрэн нарын харилцаагаар өгүүлсэн бөгөөд залуусын амьдралын үзэл бодол, хүсэл зорилгын зөрчлийг харуулжээ.

Энэхүү кино нь уул уурхайн үйлдвэрийн бүтээн байгуулалт, залуу удирдах ажилтны арга барилын тухай инженер Гансүх, түүний найз бүсгүй Сүрэн нарын харилцаагаар өгүүлсэн бөгөөд залуусын амьдралын үзэл бодол, хүсэл зорилгын зөрчлийг харуулжээ.

Зохиолч  Дэм6ээгийн Мягмарын хүмүүсийн үзэл санааны зөрчил, ёс суртахууны доголдол, 6эртэгчин үзэл, хүнлэг чанарын хоорондох ширүүн өрсөлдөөнийг өгүүлсэн “Нандин эрдэнэ” жүжгийн сэдвээр хийгдсэн кино.

Хүүхдийн зан суртахуун төлөвшин тогтоход эцэг,эхийн анхаарал халамж онцгой үүрэгтэйг тодорхой өгүүлэхийн хамт энэ асуудал бүх нийтийн үйлс байх ёстой гэсэн санааг илэрхийлжээ.

Гэгээлэг гэр бүлийн гишүүн болох залуу эрийн санаандгүй тэр үеийн цаг зуурын тэрхэн агшинд хэн хэнээ, юу хийхийг үл тооцоолохын хооронд болсон. Энэ үйл явдлыг бяцхан хүүгийн сайхан сэтгэл болон бусдын амиа хоохойлох үзэл бодлын санааг тодоор үзүүлэхийн явцад уг үйл явдлыг гэрчлэх хүмүүстэй уулзаж учрах мөрдөн байцаагчийн сайхан сэтгэлийн хүчээр хүнд бэрх зүйлсийн нарийн нягт ажиллагааны үр дүнд илэрхийлнэ. Залуу сайхан насны ааг омгийн зөв зүйлрүү бус амар хялбар байдлыг чухалчлан аль мууруу тэмүүлсний үр дүнд юунд хүрж болох талаар гурван залуухан эрэгтэйн дүрээр дүрсэлсэн болно. Хүний амь гэдэг ямар их үнэтэй олдог гэдгийг үзүүлэхийн зэрэгцээ нийгмийн асуудлыг хурцаар хөндөж гаргажээ.

1921 оны ардын хувьсгалын дараах жилүүдэд Жа лам хэмээх Дамбийжанцангийн удирдсан хувьсгалын эсэргүү бүлэг ард олныг айлган сүрдүүлж, өөрсдийн эрхшээлд оруулан шинээр тогтнож буй засаг төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж байгаа харгис үйлдлийг таслан зогсоох даалгаварыг ардын засгийн газраас Нанзад тэргүүтэй чекистүүдэд үүрэг болгон явуулснаар хувьсгалын эсэргүүчүүдийн эсрэг амь хайргүй тэмцэж явсан чекистүүдийн үйл ажиллагааг адал явдалын хэлбэрээр харуулж, хязгаар нутгийг төвхнүүлж буй түүхэн үйл явдлын тухай өгүүлнэ.

Манайхаас 2020 ондоо бүрэн гарч дуусах, "LOVE YOU.." нэртэй романтик цувралын төслийг эхлүүлээд байгаа юм. Төслийн зорилго нь хүүмүүст хайрын тухай сайхан мэдрэмж, өдөр тутмын харилцаандаа анхаарал хандуулах эерэг дохиог түгээх юм. Энэхүү төслийн хүрээнд нийт 10 анги бүтээгдэх бөгөөд анги тус бүрт дээр өөр өөр хайрын түүхүүд өгүүлнэ. Эхний анги нь "Үнсэлт " нэртэйгээр \45мин\ бэлэн болоод байгаа бөгөөд бид эхний ангийг TV-д ,үзэгчидэд шинэ жилийн бэлэг болгон цацаж байна.

Нийт 271 с 1 -24 харуулж байна